Төслийн танилцуулга - L3388-MОН

АХБ-НЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ЗҮҮН ӨМНӨД ГОВИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖЛИЙН МОН-3388 ТӨСӨЛ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Төслийн зорилго: Бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар бохир усыг зайлуулах стандартыг хангах, цэвэрлэгдсэн усыг дахин ашиглах нөхцөлийг бүрдүүлж, лагийг бордоо, барилгын материал болгох техникийн шийдлийг гаргаж, орон нутгийн байгаль орчныг сайжруулж, бохирдлыг бууруулна.

  • Төслийн хамрах хүрээ: Төслөөр Өвөрхангай аймгийн Арвайхээр, Өмнөговь аймгийн Даланзадгад, Дорноговь аймгийн Сайншанд, Архангай аймгийн Цэцэрлэг хотуудын төвд 3000 м3/хон хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж барих ажил хийнэ. Мөн төсөлд хамрагдсан орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудын бүтцийн шинэчлэл, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа хийгдэнэ.
  • Төслийн хүрэх үр дүн: Төслийн аймгийн төвүүдэд био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан шинэ үр дүнтэй, орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламжууд барина. АХБ-ны Ариун цэврийн байгууламжийн санхүүжилтийн түншлэлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөс санхүүжигдэх 1.0 сая ам.доллараар төслийн хотуудын гэр хороолол болон цэвэрлэх байгууламжаас гарах лагийн менежмент, лагийг ашиглах хууль, журам, стандартыг батлуулах, лагийг дахин ашиглах загвар туршилтын төсөл хэрэгжүүлнэ.
  • Төслийн үр дүн: Төсөлд хамрагдсан 4 аймгийн төвийн 90.000 гаруй оршин суугч төслийн үр шимийг хүртэж, байгаль орчны бохирдол багасна.
  • Төслийн санхүүжилт: Төслийн нийт санхүүжилт 21.17 сая ам доллар, үүнээс АХБ-ны хөнгөлөлттэй зээл 19.43 сая ам доллар, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт 1.74 сая ам доллар. 


АХБ-ны зээлийг эргүүлж төлөх хугацаа нь 25 жил бөгөөд үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна. Зээлийг 2021 оноос эхлэн 20 жилийн хугацаанд жилд 2 хувийн хүүтэй төлнө. Сангийн яам төслийн аймгуудад 18 жилийн хугацаатайгаар жилд 3.25 хувийн хүүтэйгээр “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулан зээлдүүлнэ.

Төслийн хэрэгжилт: Төслийн удирдлага, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, аймгуудын төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах зөвлөхөөр БНХАУ-ын “Изэнь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол улсын “Монхидроконстракшн” ХХК-иуд шалгарч, хамтран ажиллах гэрээг байгуулж байна.

БХБЯ нь төслийн аймгуудын нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажил хийж байгаа бөгөөд 2017 оны 8 дугаар сараас барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендер зарлаж, энэ оны 3-р улирлаас эхлэн барилга угсралтын ажлууд хийгдэж эхлээд байна.

БХБЯ, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаар:

Монгол улсын Засгийн газар нь АХБ-тай 1991 оноос хойш Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбаруудад хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байна.

Барилга, хот байгуулалтын салбарт АХБ нь 1997 оноос эхлэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн нийт 312.4 сая ам.долларын санхүүжилт хийж, орон сууц, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлуудыг хийсэн.

Сүүлийн жилүүдэд АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр “Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг хөгжүүлэх төсөл, “Хот байгуулалтын салбарын хөгжлийн төсөл”-үүдийг хэрэгжүүлж, 17 аймгийн төвүүд, зарим сумдыг хамруулан инженерийн шугам сүлжээг барьж байгуулсан нь НААҮ-ний салбарын хөгжлийн тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулсан байна.  Мөн “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн хүрээнд АХБ-ны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 6 сумын төвийн дэд бүтцийг сайжруулах ажлууд амжилттай хэрэгжин дуусч, төслийн хамрах хүрээг өргөжүүлэн зээлийн хөрөнгөөр 4 аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлж байна.

Цаашид АХБ-тай хамтран
• Монгол улсын аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
• Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр,
• 5 аймагт цэвэрлэх байгууламж барих ажил,
• Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөлд зэрэг олон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
 

БАЙГУУЛЛАГУУД